Чехийн нийслэл Праг хотод өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд хүчтэй дэлбэрэлт болсон талаар "Associated Press” мэдээллээ. Дэлбэрэлтийн уршгаар сүйрсэн барилгын нуранги дор хүмүүс байж магадгүй талаар онцгой байдлын албаны ажилтнууд ярьж байна. Хүний амь үрэгдсэн талаар одоохондоо мэдээлэл алга байна. Гал түймэртэй тэмцэх албаны мэдээллээр багаар бодоход 13 хүн гэмтэж бэртсэн ажээ. Дэлбэрэлт Дивадельни гудамжинд болсон талаар цагдаагийн газрын төлөөлөгч Томаш Хулан мэдэгдлээ.
Чехийн "Český rozhlas” радио станцын мэдээлснээр уг дэлбэрэлтэд Прагийн хөгжмийн урлагийн академийн бүрэлдэхүүнд багтдаг кино, телевизийн сургуулийн барилга өртжээ. Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн шалтгааныг одоохондоо хэлэх боломжгүй гэжээ. Зарим эх сурвалжаар хий алдагдснаас дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл гарчээ. Одоо хэргийн газрыг цагдаа нар хамгаалалтдаа аваад байгаа аж. Дэлбэрэлт болсон барилгын ойролцоох барилгуудын цонхны шил хагарчээ. Түүнчлэн Үндэсний театрын барилга дэлбэрэлтийн уршгаар бага зэрэг сүйдсэн гэнэ. Тус сургуулийн барилгын дэргэд орших Карловын их сургуулийн Нийгмийн ухааны факультетээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зарим багш, оюутнууд цонхны шилний хэлтэрхийнээс болж гэмтжээ.
Зургийн эх сурвалж: http://instagram.com/michelle_lskt
Зургийн эх сурвалж: http://news.sky.com/story/1084307/prague-explosion-leaves-dozens-injured