С.Баярцогтоос"мянга хоёр зуу”-руу
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн 2013.04.05-ны өдрийг хамгийн товчоор С.Баярцогтоос"мянга хоёр зуу”–руу шилжсэн өдөр гэж тодорхойлж болохоор байлаа. Уг нь өдрийн өнгийг тодорхойлохуйц "чуулганы нээлт”, "ерөнхийлөгчийн үг”, "МАН-ын жагсаал”гээд цөөнгүй өрсөлдөгчид байсан ч МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн андуурч хэлсэн"махны үнэ мянга хоёр зуун төгрөг боллоо шүү дээ” гэх үгс "өндөр авч” хол тасархай түрүүллээ. С.Баярцогтыг хөрөнгө орлогын мэдүүлгээсээ нууцалсан компани дансны шуугианаас ийнхүү махны үнэ мэддэггүй намын даргын үгний талаар шуугицгаав.
Үнэхээр бэлтгэлгүй илтгэл тавьсныхаа горыг Ө.Энхтүвшин дарга сэтгэл зүрхээрээ амсч байгаа. Илтгэлийнхээ эхэнд "Иргэдийн маань амьдрал хүнд байна. Ургамлын тосыг шилээр нь авч чаддаггүй юм байна” гэв. Иргэдийн хэрэглэдэг ургамлын тос одоогоор шилэн савлагаанд байдаггүй ч /ердийн үнээс өндөр үнэтэй оливийн тос л шилэн савлагаатай/ үүнийг нь анзаарч, ач холбогдол өгсөн хүн байсангүй. Гэтэл"махны үнэ 1200 төгрөг байна шүү дээ” гэж хашгирахад цугласан иргэд "юун 1200вэ” гэж "жинхэнээсээ” бухимдацгаав.
Бухимдал ч газар авч, интернэтээр "1200”-гийн талаар шинэ шинэ онигоо шуугилаа. Уг нь Ө.Энхтүвшин гэх намын даргын нэр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад байсан ч өндөр авсан "1200”-гаас болж "боломжийг алдчихлаа” ч гэж дүгнэж болохоор байв.
"Хорхойтсон баавгай” үүрэндээ шургаж байна
"1200” гэх онигоо гарч ирэхээс өмнө Монголчуудыг өөр дээрээ татаж чадсан хүн бол яахын аргагүй Ц.Элбэгдорж байлаа. Түүний хэлсэн илтгэлээс ишилсэн үгс интернэтээр нэг тарж байв. "Хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна. Өмнө мөнгөний өмнө хууль мөхөстдөг байсан бол одоо хуулийн өмнө мөнгө мөхөстөж байна”, "Дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид шударга ёсны өрнөлийг зогсооно гэвэл санааны гарз”, "Арван цэцэрлэг барьчих мөнгөнэг авилгачийн холын хамаатны данснаас гарч ирж байна. Төр иймэрхvv улсын толгойг илэх гэж үү”, "Авилга бол хавдар шиг хортой, огтолж хаяхгүй л бол үсэрхийлээд байдаг... Улсын хөгжилд нэг ч хадаас нэмээгүй хүн манай улс төрчдийн дунд олон бий”, "Манай орны бизнесийн орчинд агаарын бохирдол нүүрлэснийг хүлээн зөвшөөрье” гэх зэрэг үгс хамгийн олон ишлэгдсэн үгс. Түүний илтгэлийн цөм нь "хууль зөрчигчдөд хандсан хатуухан шүүмж” байв. Гэвч энэ үгэнд ихээр бухимдагсад МАН-ынхан байв.Тэд ерөнхийлөгчийн шүүмжийг шууд өөрсөд дээрээ тусган авлаа. Ингээд л МАН-ынхан хурал хаяж гарцгаалаа. МАХН-ын гишүүд ч дагалдан гарцгаав. Чуулганы танхимд Ерөнхийлөгч үгээ хэлсээр, Ерөнхий сайд, АН болоод бие даагчид, МҮАН-ын гишүүд үлдлээ.
"Байр сууриа илэрхийлэхийг маань зөвшөөрөөгүй”
Хурал хаяж гарсан гарсан МАН-ынхан хэвлэлийн хурал хийлээ. Тэдний эхний мэдэгдэл нь "УИХ-ын чуулганы хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлэх гэсэн боловч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгсэлд хандаж байна” гэдэг байв. Тус намын дарга Ө.Энхтүвшин цааш нь "Засгийн газар байгуулагдаад найман сар болсон ч шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн гарах боломжтой хугацаа байсан. МАН-ын зүгээс ч эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэхээс илүү хийх ажилд нь боломж гаргах нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын хэрэгжүүлэх ажил, холбогдох хууль тогтоомжийг цаг тухайд нь батлалцаж өгсөн. Засгийн газар 11 11 төвийг нээн ажиллуулж, Төрийн ордныг иргэдэд нээлтэй болгосон, Батаарын араас хөөцөлдсөн зэрэг сайшаалтай ажил хийснийг үгүйсгэхгүй ч Монгол Улсын хөгжлийн төвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн эхлүүлсэн, иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлсэн, ардчилал шударга ёсыг хэрхэн дээдэлж ажилласан зэргийг нь дүгнэвэл Засгийн газрын үйл ажиллагаа нэмэх биш хасах түвшинд байна” гэж шүүмжиллээ.
Х.Тэмүүжинг огцруулна гэв
МАН-ыг дагалдан хурал хаяж гарсан МАХН-ынхан хэвлэлийн хурлаа мөн өдөр хийлээ. Тус намын гишүүн Л.Цог, Ц.Цолмон, О.Баасанхүү,З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар оролцож мэдэгдэл хийсний гол нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр боловсруулж байгаа тухай аж. Мөн тэд "УИХ-ын дэд дарга С.БаярцогтодАрдчилсан намын зүгээс ямар хариуцлага хүлээлгэхийг харна, хэрэв Ардчилсан намын зүгээс хариуцлага хүлээлгэхгүй бол МАХН-ын зүгээс огцруулах саналыг хүргүүлнэ” гэв. Тэд огцруулах үндэслэлээ Цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс гаргасан гэнэ. Үүнийгээ "өнгөрсөн сард гарсан гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхтой харьцуулахад 84 хувиар нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн хоёрдугаар сард 139 байсан бол гуравдугаар сарын6-ний байдлаар 326 болж нэмэгдсэн байна. Гэмт хэргийн гаралт нэмэгдсэн нь салбараа удирдаж чадахгүй байна гэж бид үзэж байгаа. Тиймээс Х.Тэмүүжин сайдыг хууль зөрчиж хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдаж чадахгүй байгаа учраас огцруулах нь зүйтэй гэж үзэн огцруулахыг бичгийг боловсруулж байна. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих байх” гэж тайлбарласнаар хэвлэлийн хурал ч өндөрлөв.
Б.МАНДАХ
Мэдээний эхийг www.news.mn